Цөмийн хөтөлбөртэй болоход нь тусалсны хариуд Саудын Араб улс Израиль улсыг хүлээн зөвшөөрөх ёстойг Трамп мэдэгдэв
Саудын Арабыг үндэсний цөмийн хөтөлбөртэй болоход нь туслах томоохон гэрээг хоёр улс байгуулсан тухай АНУ-ын засаг захиргаа Лхагва гарагт мэдээлсэн билээ.
Тэгвэл уг мэдээ цацагдсаны маргааш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэрээ эцэслэн байгуулагдах нь Саудын Арабын тал Израил улсыг хүлээн зөвшөөрөх эсэхээс хамаарах тухай мэдэгджээ.
“Иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ батлагдах боловч энэ нь Саудын Араб улс Абраамын Хэлэлцээрт нэгдэн орох эсэхээс бүрэн хамаарна” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.
Ийм нөхцөл гэрээнд туссан эсэх, Саудын Араб улс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.
Саудын Арабын эрх баригчид одоогоор Трампын мэдэгдлийн талаар байр суурь илэрхийлээгүй байна.
2020 онд байгуулагдсан Абраамын Хэлэлцээр нь Израил болон Исламын шашинт орнуудын харилцааг хэвийн болгож, Палестины асуудлаар тохиролцоонд хүргэх зорилготой дипломат санаачилга юм.
Уг хэлэлцээрт хамгийн анх Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд нэгдэж, Израильтай дипломат харилцаа тогтоосон. Дараа нь Судан, Марокко, Казахстан улсууд нэгдсэн юм.
Саудын Араб улс өмнө нь Палестины тусгаар улсыг байгуулахгүйгээр уг хэлэлцээрт нэгдэхгүйгээ мэдэгдэж байсан.
Тиймээс хоёр улсын цөмийн эрчим хүчний салбарт байгуулагдах гэрээний хувь заяа бүрхэг болж байна.
Харин Израиль улс Трампын мэдэгдлийг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хэвлэлийн алба Саудын Араб уг хэлэлцээрт нэгдвэл “Ойрх Дорнодод энх тайван тогтоох түүхэн алхам болно” гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ уг мэдэгдэлд цөмийн гэрээний талаар дурдаагүй юм. Нөгөө талаар Израиль улс Саудын Арабыг цөмийн хөтөлбөртэй болохоос болгоомжилж байгаа.
Одоо Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилийн дайны гол шалтгаан цөмийн зэвсэгтэй холбоотой юм.
Израилийн батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерман “Цэргийн зориулалттай цөмийн хөтөлбөр бүр иргэний хөтөлбөрөөс эхэлдэг” гэж хэвлэлд ярьжээ.
Израиль улс одоогоор Ойрх Дорнодын цорын ганц цөмийн зэвсэгтэй улсад тооцогддог ч үүнийгээ үгүйсгэдэггүй, бас хүлээн зөвшөөрдөггүй.
АНУ-ын эрчим хүчний яам Саудын Арабтай байгуулах гэрээгээ “зөвхөн иргэний зориулалттай” гэж тодруулж байгаа.
Гэхдээ тус улс нэгэнт уран баяжуулах хүчин чадалтай болбол цөмийн зэвсэг бүтээхэд амархан болох юм.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2018 онд CBS News сувагт ярихдаа тус улс цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөгүй, гэхдээ Иран улс цөмийн зэвсэгтэй болбол аль болох хурдан ижил арга хэмжээ авахаа мэдэгдэж байв.
Цөмийн мэргэжилтнүүд АНУ өмнө нь ямар ч улстай цөмийн эрчим хүчний салбарт ийм өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүйг онцолж байна.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요