OpenAI компанийн хөгжүүлж буй загвар туршилтын үеэр хяналтаас гарч, бие даан кибер халдлага үйлдсэн гэнэ
OpenAI компанийн хөгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны загвар туршилтын үеэр хяналтаас гарч, нэгэн стартап компанийн платформд кибер халдлага үйлдсэн тухай тус компани өчигдөр мэдээлжээ.
Хүнээс заавар авсныхаа дараа бие даан ажилладаг уг загварыг өндөр хяналттай орчинд туршиж байсан ч системд нь илэрсэн алдааны улмаас хяналтаас гарсан гэнэ.
Ингэж хяналтаас гарсан загвар дэлхийн хиймэл оюуны загваруудыг хуваалцдаг томоохон төв болох Hugging Face стартапын дотоод системд нэвтэрсэн байна.
OpenAI энэ явдлыг “урьд өмнө болж байгаагүй” гэж тодорхойлсон бөгөөд Hugging Face компанитай хамтран шалгаж байгаагаа мэдэгджээ.
Hugging Face компанийн гүйцэтгэх захирал Клемент Деланге “энэ бүхэн бие дааж хийгдсэн нь үнэхээр гайхалтай” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
“Шалгалт үргэлжилж байгаа бөгөөд бид энэ төрлийн анхны тохиолдол байж болзошгүй үйл явдлын талаар олж мэдсэнээ хуваалцах болно” гэж тэр нэмж мэдээлжээ.
Их Британийн Хиймэл Оюуны Аюулгүй Байдлын Хүрээлэн болсон явдлын мөрөөр шалгаж, OpenAI болон бусад компаниудтай хамтран ажиллаж байгааг тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Кембрижийн Их сургуулийн Технологи, Ардчиллын Миндеру Төвийн тэргүүн Жина Нефф хэвлэлд ярихдаа “Загварууд юу хийж чадахыг харах зориулалттай туршилтын аюулгүй орчин буюу sandbox бүрдүүлэх ёстой. Энэ тохиолдолд OpenAI хангалттай аюулгүй sandbox бүтээж чадаагүй бололтой” гэжээ.
OpenAI компанийн хөгжүүлж буй сүүлийн үеийн загвар “sandbox”-ынхоо алдаа цоорхойг өөрөө илрүүлж, гадагш нэвтэрч чадсан гэсэн үг юм.
Энэ явдал нь дэвшилтэт хиймэл оюуны системийн чадавх улам хүчирхэгжихийн хэрээр байгууллагуудын одоогийн хамгаалалтын систем бас улам сайжрах ёстойг харуулж байна.
SonicWall кибер аюулгүй байдлын компанийн гүйцэтгэх захирал Спенсер Старки “Таагүй үнэн гэвэл маш олон байгууллагууд хамгаалалт, аюулгүй байдлаа хүний хурдад даатгаж байхад дайснууд машины хурд руу шилжиж байна” гэж хэлжээ.
Дээрх үйл явдал нь бас OpenAI код бичих хиймэл оюуны загварын хөгжүүлэлтээр өрсөлдөгч Anthropic компанийн араас гүйцэхээр шаргуу ажиллаж байгааг ил болгож байна.
Долоо хоногийн өмнө Хятадын хиймэл оюуны стартап Moonshot өөрийн хөгжүүлсэн Kimi K3 загварыг танилцуулж, үүнийгээ Америкийн тэргүүлэх компаниудын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чадвартайг баталсан юм.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요
같은 사건, 다른 제목
+5
+10
+5