Lockheed Martin компани Patriot пуужингийн хямд хувилбарыг үйлдвэрлэж эхлэхээр болсныг зарлав
АНУ-ын томоохон зэвсэг үйлдвэрлэгч болох Lockheed Martin компани агаарын довтолгоог эсэргүүцэх зориулалттай Patriot пуужингийнхаа илүү хямд өртөгтэй хувилбарыг үйлдвэрлэх болсноо Даваа гарагт зарлажээ.
Дэлхий даяар батлан хамгаалах салбарынхан нисгэгчгүй онгоц, пуужингийн халдлагыг зогсоох хямд арга замыг эрэлхийлж байгаа нь үүнд нөлөөлсөн байна.
Patriot пуужингийн одоогийн PAC-3 MSE хувилбарын нэг бүр нь $4 сая орчим үнэтэй байдаг бол шинээр үйлдвэрлэгдэх PAC-3 Adapted Capability Effector (ACE) нь үүний талаас бага үнэтэй байх гэнэ.
Үйлдвэрлэл 36 сарын дотор эхлэх боломжтойг Lockheed Martin мэдээлжээ.
“Америк болон түүний холбоотнуудад тулаанд туршигдсан, төсөвт тохирсон шийдэл хэрэгтэй болоод байна” гэж Lockheed Martin компанийн пуужин болон галын хяналтын салбарын захирал Тим Кэхилл мэдэгдсэн байна.
Тэрбээр Их Британид нээгдсэн Farnborough Airshow арга хэмжээний үеэр Patriot пуужингийн хямд хувилбарыг үйлдвэрлэх болсноо зарласан юм.
Украины дайны улмаас Европын орнууд зэвсэглэлээ нэмэгдүүлж, АНУ-аас зэр зэвсгийн хувьд хамаарлаа багасгахыг хичээж буй цаг үед уг мэдэгдэл гарч байна.
2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн эрэлт эрс нэмэгдсэн юм.
Украины зэвсэгт хүчин одоогоор Оросын нисгэгчгүй онгоцны цохилтыг өндөр хувьтай эсэргүүцэж чадаж байгаа ч баллистик пуужингийн цохилтоос сэргийлэхэд Patriot пуужин чухал хэрэгтэй байгаа.
Ойрх Дорнодод дайн эхэлсэн нь АНУ болон Европын холбоотнууд ийм пуужингаар Украиныг хангахад саад учруулсан.
Boeing компани PAC-3 пуужинд зориулсан радарын үйлдвэрлэлээ өнгөрсөн онд 30 хувиар өсгөсөн бол энэ онд дахин ойролцоо хэмжээгээр өсгөхөөр төлөвлөжээ.
Тухайлбал өнгөрсөн онд 650 ширхэг радар үйлдвэрлэсэн бол энэ онд 850-д хүргэхээр болсныг Boeing Defence компанийн гүйцэтгэх захирал Стив Паркер мэдээлсэн байна.
Энэ нь 2026 онд Lockheed Martin компанийн үйлдвэрлэхээр төлөвлөсөн пуужингийн тоотой таарч байгаа аж.
“Манай улс биднээс ийм хэмжээнд үйлдвэрлэхийг хүсэж байна. Бид үүнд бэлэн байгаа бөгөөд худалдан авагчидтайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа” гэж Паркер мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요