Нэр хүндтэй батлан хамгаалахын сайдаа огцруулсан Украины ерөнхийлөгч Зеленский олны эсэргүүцэлтэй тулгарчээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский батлан хамгаалахын сайд Михаил Федоровыг огцруулах гэнэтийн шийдвэр гаргасан нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Пүрэв гарагийн өглөө нийслэл Киев болон бусад хотуудад залуус голдуу хүмүүс “Федоровоос савраа тат”, “Ялалтыг хорлон сүйтгэхээ зогсоо” гэх мэт үгстэй уриа барин жагсаж байв.
Орой нь Зеленский аюулаас хамгаалах албаны (СБУ) даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Евгений Хмараг батлан хамгаалахын сайдын үүр гүйцэтгэгчээр түр томилжээ.
Тэрбээр Хмараг “технологийн байлдааны ажиллагааны талаар өргөн хүрээтэй, олон талын, урьд өмнө байгаагүй их туршлагыг хуримтлуулсан хүн” гэж магтсан байна.
Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирськийтэй таарамж муутай байсан нь батлан хамгаалахын сайдыг огцруулах шалтгаан болсон гэх цуу яриаг Федоров өөрөө болон Зеленский баталжээ.
Үүний нэг илрэл нь Сирський болон Украины зэвсэгт хүчний жанжин штабын дарга Андрей Хнатов нарыг солих хэрэгтэйг Зеленскийд зөвлөснөө Федоров өчигдөр мэдээлснээс харагдаж байна.
Киев хотод айлчилсан Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Зеленский хэлэхдээ Сирський, Федоров нарын зөрчил “системийн чанартай”, “янз бүрийн түвшинд” оршиж байсан, өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн өөрийнх нь зуучлалын тусламжтай хамтран ажиллаж байсныг мэдээлсэн юм.
Михаило Федоров
“Сирськийг солих бодолгүй байгаагаа ерөнхийлөгч хэлэхэд би түүнтэй хамтран ажиллахыг хичээхээ амлаж байсан. Гэвч бидний бүх санаачилга талаар болсон” гэж Федоров өөрийн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
“Ерөнхий командлагчийнхаа хувиар тэр хүч тэнцвэргүй дайнд Оросыг ялах арга замыг олох ёстой байтал улс орноо хуваах зүйл хийж байгаа” гэж Сирськийг тэр шүүмжилсэн байна.
Хариуд нь Сирський 2022 онд Киевийн орчимд тулж ирсэн Оросын цэргийн их хүчийг бут цохисон байлдааны ажиллагаагаар бахархдагаа илэрхийлж, энэ жишгээр дайныг болон үр дүнтэй стратегийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг Телеграм сувгаараа мэдэгджээ.
Сүүлд нь тэр Федоровын цаашдын ажилд амжилт хүссэн байна.
35 настай Федоров энэ оны нэгдүгээр сард батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан бөгөөд өнгөрсөн богинохон хугацаанд батлан хамгаалах яамыг шинэчилж, авлигатай тэмцэж, фронтын шугамын нөхцөл байдлыг сайжруулахад дата шинжилгээний арга хэрэгжүүлсэн зэрэг ажлуудаараа магтагдаж байлаа.
Зеленский батлан хамгаалахын сайдын суудалд дотоод хэргийн сайдаар ажиллаж буй Игорь Клименког санал болгож магадгүй байна. Гэхдээ тэр одоогоор хэнийг ч нэрийг албан ёсоор парламентад өргөн бариагүй байгаагаа мэдэгджээ.
Шинэ сайдыг Украины парламентын санал хураалтаар томилох юм.
Зеленский энэ долоо хоногийн эхээр бас ерөнхий сайд Юлия Свириденког огцруулж, оронд нь газрын тос, байгалийн хийн газрын дарга Сергей Корецкийг томилоод байгаа.
Зеленский өөрийнхөө багт зөвлөхөөр ажиллах санал тавихад татгалзсан хариу өгснөө Федоров мэдээлжээ.
Гэхдээ тэр Зеленскийн бодлогыг эсэргүүцдэггүй, түүнийг “Украины ард түмнийг сонсдог, юу хийхээ мэддэг” хүн хэмээн тодорхойлсон байна.
Дижитал шилжилтийн сайд байсан Федоров нь дайн эхэлсэн 2022 оноос хойш Оросын эсрэг кибер халдлага үйлдэх зорилготой “Украины мэдээллийн технологийн арми” байгуулах үйлсэд идэвхтэй оролцож байжээ.
Хожим тэр “Дроны Арми” нэртэй хандивын аяныг амжилттай зохион байгуулж, дайнд “компьютер тоглоомын элементүүд”-ийг нэвтрүүлж, Оросын талд учруулсан хохирлынхоо хэмжээгээр оноо цуглуулдаг системийг санаачилсан гэдэг.
Батлан хамгаалахын сайд болсныхоо дараа Федоров нисгэгчгүй онгоцнууд, өндөр технологийн дайны ажиллагаа, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэлт зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байв.
Сайд болсныхоо дараахан тэр бас Оросын армид Старлинк интернэт терминалууд ашиглах боломж олгохоо зогсоохыг тэрбумтан Илон Маскаас хүссэн нь амжилттай хэрэгжиж, Оросын фронтын шугам дагуу байлдааны ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн гэдэг.
Федоров өнгөрсөн сард дунд тусгалын дроны цохилтын тусламжтайгаар Крымийн хойгийг Орос улсаас бүрэн тусгаарлахаа амлаж байжээ.
Федоровын зөвлөхөөр ажиллаж байсан блоггер Сергей Стерненко хуучин даргаа “манай улсын түүхэнд төрсөн шилдэг батлан хамгаалахын сайд”, “эрс шинэчлэлийг удаашруулж байсан хүнд суртал, хиймэл саад тотгорыг арилгасан хүн” хэмээн магтсан байна.
Дроны хүчний алдартай командлагч асан Павло Елизаров сайдыг огцруулсан шийдвэрийг эсэргүүцэж буй шалтгаанаар Украины агаарын хүчний дэд командлагчийн албан тушаалаасаа саяхан татгалзсан бөгөөд Зеленскийн шийдвэрийг “улс орны батлан хамгаалах чадварт хор хөнөөл учруулсан үйлдэл” гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요