Аргентины тамирчдын Фолклэндийн арлуудтай холбоотой гаргасан үйлдлийг шалгахыг Их Британийн тал FIFA-д уриалав
Лхагва гарагт хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Английн шигшээ багийг 2:1 харьцаатай хожсон Аргентины тамирчид талбайд улс төрийн утга агуулгатай үйлдэл гаргасан нь хоёр улсын хооронд маргаан дэгдээгээд байна.
Ялалтын баяраа тэмдэглэхдээ Аргентины зарим тамирчид “Мальвиний арлууд Аргентиных” (Las Malvinas son Argentinas) гэсэн бичигтэй далбаа барьж зогссон юм.
Энэ үйлдэл Их Британи улс Фолклэндийн арлууд, Аргентин улс Мальвиний арлууд гэж нэрлэдэг газар нутгийн маргаантай холбоотой хуучин шархыг сэдрээгээд байна.
Пүрэв гарагт Их Британийн бизнесийн сайд Питер Кайл дээрх үйлдлийн мөрөөр шалгахыг дэлхийн хөлбөмбөгийн дээд байгууллага FIFA-д уриалжээ.
Тэрбээр үүнийг талбайд улс төрийн агуулгатай үйлдэл гаргахыг хориглосон FIFA-гийн дүрмийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна.
“Дэлхийн цом манайх биш байж болно. Харин Фолклэндийн арлууд бол гарцаагүй манайх” гэж Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
1982 онд Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэрт тооцогддог Фолклэндийн арлуудыг Аргентины цэргүүд эзлэн авч байв.
Тухайн үеийн ерөнхий сайд Маргарет Тэтчер тэнгисийн цэргийн хүчээ илгээсний үр дүнд Их Британи улс эзлэгдсэн нутгаа буцаан авсан юм.
Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн дайны улмаас Аргентины 649, Британийн 255 цэрэг амиа алдаж байжээ.
Их Британи улс Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог арлуудыг 19 дүгээр зуунд эзлэн авсан юм. Аргентин улс эдгээр арлуудыг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг.
“Хөл бөмбөгийг улс төрөөс салгах ёстой. ДАШТ ч энэ зарчмыг баримталдаг. Энэ бол FIFA-гийн шийдэх асуудал. Бид FIFA шалгалт явуулна гэдэгт найдаж байна” гэж Кайл хэлжээ.
Лхагва гарагийн тоглолтын өмнөхөн Аргентины дэд ерөнхийлөгч Викториа Вилларруэл англичуудыг “далайн дээрэмчид” гэж нэрлэсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.
Тоглолтын дараа Аргентины гадаад хэргийн сайд Фолклэндийн арлуудын ойролцоо Британийн байлдааны хөлөг зорчсонтой холбогдуулан дипломат шугамаар Буэнос-Айрес дахь Британийн элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлснийг мэдээлсэн байна.
Британийн HMS Medway байлдааны хөлөг Аргентины харьяа далайн хэсгээр зорчсоныг “хууль бус” үйлдэл гэж үзэж байгаагаа сайд Пабло Кирно сошиал хуудсаараа мэдэгджээ.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요