Дэлхийтэй төстэй гарагаас судлаачид анх удаа агаар мандал илрүүлжээ
Алс холын дэлхийтэй төстэй, чулуурхаг, одноосоо амьдрал оршин байх боломжтой зайд байрладаг гарагаас анх удаа агаар мандал илрүүлснээ хэсэг эрдэмтэд зарлажээ.
Энэ нээлтээ тэд манай нарны аймгийн гадна дэлхийтэй адилхан нөхцөлтэй гараг оршин тогтнож байж болохыг харуулсан хамгийн том нотолгоо гэж үзэж байна.
Уг гарагийн агаар мандлаас гелийн хий илэрсэн нь амьдралыг тэтгэх боломжгүй ч бусад төрлийн хийнүүд байх магадлалтай гэнэ.
“Энэ бол өөр одны амьдрал орших боломжтой бүс дэх чулуурхаг гарагаас илэрсэн анхны агаар мандал юм” гэж судалгааг ахалсан Харвардын Их сургуулийн доктор Коллин Херубим хэлжээ.
LHS 1140b гэж нэрлэгдсэн энэхүү гараг дэлхийгээс 48 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд нарнаас хамаагүй жижиг хэмжээтэй хүйтэн улаан одыг тойрон эргэлддэг юм байна.
Эрдэмтэд одоогоор алсын оддыг тойрон эргэлддэг 6,000 гаруй гарагийг нээгээд байгаа.
Гэхдээ дээрх нээлтийг харь гараг дээр амьдрал нээх чиглэлд гаргасан томоохон дэвшил гэж үзэж байна.
Амьдрал тэтгэгч гараг нь устай, одноосоо хэт ойр биш, хэт хол биш “яг зөв” зайд тойрон эргэлддэг байх ёстой.
Судлаачид энэ зайг “Goldilocks zone” гэж нэрлэдэг нь чанаж буй будааныхаа температурт санаа зовж буй охины тухай өгүүлдэг үлгэрийн баатрын нэр юм.
Голдилоксын бүсэд оршдог хэдэн зуун гараг олдсон ч цөөн арван хэд нь манай дэлхийтэй ижил жижиг, чулуурхаг бүтэцтэй нь тогтоогдоод байгаа.
Гэхдээ тэдний аль нь ч агаар мандалгүй байсан юм.
Шинэ гарагийн агаар мандлаас гелийн хий илэрсэн нь амьдралыг тэтгэх боломжгүй. Гэхдээ энэ хий агаар мандлын дээд давхаргад байж болзошгүй бөгөөд доод давхаргад нь амьдралд ээлтэй бусад хийнүүд байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Ямартай ч нарны аймгийн гадна дэлхийтэй төстэй мөртлөө агаар мандалтай гараг олдсон нь хамгийн чухал болохыг судлаачдын нэг, Харвардын доктор Дэвид Шарбонно хэлжээ.
“Хүмүүс ерөнхийдөө нэг том асуултын хариуг их хайдаг. Бид энэ ертөнцөд ганцаараа юм уу? Манай дэлхийгээс гадна, нарны аймгийн гадна амьдрал бий юу? Энэ асуултад хариулахад нэг алхам ойртсон манай судалгаа нарны аймгийн гадна, амьдрал орших боломжтой бүсэд байрладаг чулуурхаг гараг дээрээс анх удаа агаар мандал илрүүллээ” гэж тэр хэлж байна.
Судлаачдын ажлын тайлан Sicence шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요