Унгарын шатрын домогт тамирчин Юдит Полгар улсынхаа ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзжээ
Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн хугацаанд үүсгэсэн тогтолцоог нураах зорилгын хүрээнд үндсэн хуульдаа өөрчлөлт нэвтрүүлж, тус улсын ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулсан.
Үүний дараа тэр Унгарын домогт шатарчин Юдит Полгарт ерөнхийлөгчөөр ажиллах санал тавьсан юм.
Тэгвэл Полгар өчигдөр уг саналаас татгалзаж байгаагаа зарлажээ.
“Би өөрийгөө хуваагдсан улс орныг нэгтгэх түүхэн хариуцлагыг үүрэх хүч чадалгүй хүн гэж үзэж байгаа тул саналыг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэж байна. Бүгд Найрамдах Улсын шинэ, хараат бус, хүндэт ерөнхийлөгчийг энэ зорилгоо биелүүлэхэд нь би чадах бүхнээрээ туслах болно” гэж тэр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Орбаны хүн гэгддэг Тамаш Сулёкийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсан Мадьяр “бүх унгар хүмүүсийн бахархал болсон” Полгарыг ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлж байгаагаа Ням гарагийн орой зарласан юм.
Полгарын хариу мэдэгдлийн дараа тэр “Би түүний шийдвэрт харамсаж байгаа ч хүндэтгэж байна” гэж мэдэгджээ.
Пүрэв гарагт 50 нас хүрэх Полгар 2014 онд зодог тайлахаасаа өмнө 25 жилийн турш дэлхийн эмэгтэй шатарчдын тэргүүлэгч байсан юм.
Тэрбээр Унгарт маш их хүндлэгддэг хүн.
Мадьяр одоо Унгарын ерөнхийлөгчид хэний нэрийг дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Эрх баригч намын нэр дэвшүүлсэн ерөнхийлөгчийг Унгарын парламент батлах ёстой.
Хэрвээ Полгар саналыг хүлээж авсан бол парламентын суудлын гуравны хоёрыг эзэлдэг Тиса намын гишүүд дуу нэгтэй дэмжих байв.
Полгар бол дэлхийн шатрын шилдэг 10 мастерын эгнээнд багтсан цорын ганц эмэгтэй юм.
Түүний замналыг хүмүүс Нэтфликсийн “The Queen’s Gambit” цувралын гол дүрийн амьдралтай харьцуулдаг.
Полгар ч өөрөө уг цувралыг бүтээгчдийн ур чадварыг магтаж байсан удаатай.
2014 онд зодог тайлснаасаа хойш тэр боловсрол, залуусын дунд шатрыг сурталчлахад анхаарах болсон.
Полгарын нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлэх санааг анх Унгарын 16 алдартны бичсэн нээлттэй захидалд гаргаж байжээ.
Тэдний дунд Рубикийн шоог зохион бүтээгч Эрно Рубик байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Унгарын эрх баригч нам үндсэн хуулийн шинэчлэлийг батлуулснаар өмнөх ерөнхийлөгч Сулёкийн бүрэн эрх Ням гарагаар өндөрлөсөн байна.
Тэрбээр үндсэн хуулийн өөрчлөлтийг Унгарын “ардчиллын төгсгөл” гэж шүүмжилж байсан ч Бямба гарагт аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан юм.
Дөрөвдүгээр сард сонгуульд ялсан Мадьяр ерөнхийлөгч болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг Орбаны “хүүхэлдэйнүүд” гэж нэрлэж байв.
Үндсэн хуулийн шүүхийн дарга асан Сулёк 2024 онд таван жилийн хугацаатай ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө олон нийтэд төдийлөн танил биш хүн байжээ.
Олон нийтийн санал асуулгад оролцогчдын дийлэнх хэсэг нь түүнийг огцруулахыг дэмжиж байв.
Одоогоор парламентын спикер Агнес Форстхоффер ерөнхийлөгчийн үүргийг түр хавсран гүйцэтгэж байна.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요