Йемений Хусит босогчид Саудын Арабын эсрэг далайн тээврийн хориг зарлалаа

Ираны холбоотон Йемений Хусит босогчид Саудын Араб улсын эсрэг далайн тээврийн хориг зарлажээ.
Саудын Арабын эрх баригчид саяхан тэдний хяналтад байдаг баруун хойд Йемений боомтууд, нисэх буудлуудыг хаасны хариуд ийм хариу арга хэмжээ авч байгаа юм байна.
Ингэснээр Энэтхэгийн далайг Улаан тэнгистэй холбодог Баб эль-Мандебын хоолой Саудын Арабын хөлөг онгоцнуудад хаалттай болж байгаа юм.
Хуситуудын мэдэгдлийн хариуд Саудын Арабын гадаад хэргийн яам “олон улсын хууль дүрмийн дагуу өөрийн хөлөг онгоцнуудаа хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.
Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайны улмаас Ормузын хоолой хаагдахад Улаан тэнгис нь Саудын Арабын газрын тосыг тээвэрлэх чухал зам болсон юм.
Саудын Араб улс Хуситуудтай 2022 онд гал зогсоох гэрээ байгуулсан ч долоо хоногийн өмнөөс мөргөлдөөн дахин сэргээд байгаа.
Эхлээд Йемений нийслэл Санаа хотын нисэх буудал агаарын цохилтод өртөхөд Хуситууд үүнд Саудын Арабыг буруутгаж, хариуд нь тус улсын баруун өмнөд нутгийн Абха нисэх буудал руу пуужин харваж байв.
Ираны онгоцнууд Санаагийн нисэх буудалд зөвшөөрөлгүй буухаас сэргийлэх зорилгоор Саудын Арабын дэмжлэгтэй Йемений засгийн газар уг цохилтыг үйлдсэнээ хүлээсэн ч Хуситууд ийм хариу арга хэмжээ авсан юм.
Йемен улс нь албан ёсны засгийн газар болон Хусит босогчдын хяналтад хоёр хуваагдаад байгаа. Засгийн газрыг нь Саудын Араб, Хуситуудыг Иран улс дэмждэг.
2014 онд Хусит босогчид Йемений засгийн газрыг нийслэл Санаагаас хөөн гаргаснаар иргэний дайн эхэлсэн юм. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл албан ёсны засгийн газрыг сэргээх зорилгоор 2015 онд мөргөлдөөнд оролцсоноор нөхцөл байдал улам хурцдаж байв.
НҮБ-ын тооцоолсноор уг мөргөлдөөний улмаас 150,000 гаруй хүн амиа алдаж, 22 сая гаруй хүн ямар нэг хэлбэрийн тусламж авах шаардлагатай болсон нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэгд тооцогдож байна.
Даваа гарагт Хусит дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сареа хэлэхдээ Саудын Араб улс “бараг 12 жилийн турш бидний ард түмний эсрэг шударга бус бүслэлт бий болгож, нөөц баялгийг маань дээрэмдэж, боомт, нисэх буудлуудыг агаар, хуурай болон усан замаар хаагаад байна” гэж мэдэгджээ.
Тиймээс ижил төстэй хариу арга хэмжээг Саудын Арабын эсрэг авах шаардлага гарсныг тэр тайлбарласан байна.
Баб эль-Мандеб хоолой нь Йемений баруун өмнөд хэсэг болон Африкийн Эвэр гэгддэг хойгийн завсар оршдог 32 км өргөн усан зам юм.
Улаан тэнгисийн өмнөд үзүүрт уг хоолой байдаг бол хойд үзүүрт нь Газар дундын тэнгистэй холбодог Суэцийн суваг байрладаг.
2023 оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Хусит босогчид Палестинчуудыг дэмжих зорилгоор Улаан тэнгис болон Адены буланд Израил, түүний холбоотнуудын ачаа тээврийн хөлгүүдэд халдаж эхэлсэн.
Үүний улмаас ачааны дөрвөн хөлөг живж, есөн далайчин амиа алдаж, Баб эль-Мандеб хоолойгоор дамжих тээврийн урсгал түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа.
Ормузын хоолой хаагдсаны дараа Саудын Араб улс түүхий газрын тосны тээвэрлэлтийнхээ 70 гаруй хувийг Улаан тэнгисийн Янбу боомт руугаа шилжүүлсэн юм.
Жилийн өмнө энэ боомтоор өдөрт 973,000 баррель газрын тос ачигддаг байсан бол сүүлийн өдрүүдэд дөрвөн сая орчим баррельд хүрээд байна.
Баб эль-Мандеб хоолойгоор дамжих газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн сарын байдлаар өдөрт 7.4 сая баррельд хүрсэн нь дэлхийн нийт тээвэрлэлтийн 7 орчим хувь болжээ.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요