"Зохион байгуулалттай худал мэдээ тараах, нийгмийг талцуулах, үндэсний үнэт зүйлд хор хохирол учруулах зэрэгт хатуу арга хэмжээ авна"
Үндэсний мэдээллийн дархлаа, иргэд олон нийтийн итгэлцлийг тууштай хамгаалахад онцгой анхаарна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр мэдэгдэв.
Энэ талаар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Гадаад дотоодын ашиг хонжоо хайсан этгээдүүд цахим орчинд нэр, нүүрээ нуусан хуурамч хаяг, төлбөртэй тролл сүлжээгээр зохион байгуулалттай худал мэдээллээр иргэдийг гүтгэн талцуулж байна. Нийгмийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдал тэр дундаа үндэсний эв нэгдлийг сарниулан бусниулж, цаашлаад улс орны тогтвортой байдлыг ганхуулах, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын ирээдүйг заналхийлж буй учраас нэр нүүрээ төлбөртэй хуурамч хаягууд, түүний ард суугаа этгээдүүдэд нуугдах орон зай байхгүй, гишгэх газаргүй гэдгийг хэлье. Бүгдийг нь эхнээс нь илрүүлж байгаа. Хуулийн хариуцлагыг ногдуулж байгаа.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална. Гэхдээ эрх чөлөөний нэрээр нэр төрд халдах, иргэний алдар хүндийг гутаах, зохион байгуулалттай худал мэдээг тараах, нийгмийг талцуулж, хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх, үндэсний үнэт зүйлд хор хохирол учруулах үйл ажиллагаанд хатуу арга хэмжээ авна.
Бид шүүмжлэлийг хаах бус гүтгэлгийг зогсооно, иргэний дуу хоолойг боомилох бус хуурамч хаяг, мэдээлэл, зохисгүй хортой мэдээллийн тархалтыг зогсоох шаардлагатай. 2025 оны эхний зургаан сарын байдлаар цахим орчинд 7,670 хэрэг үйлдэгдсэн бол 2026 оны эхний сард 9,382 болж өссөн. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн хэргийн тоо.
Цахим орчинд сурталчлагдаж буй садар самуун, хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн.
Монголд Фэйсбүүкийн 2.7 сая хаяг бий, үүний 400 мянга нь хуурамч хаяг. Цахим орчин дахь зохион байгуулалттай гүтгэлэг мэдээллийн уршгаар монгол эрчүүд арчаа анхиагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгчид нь луйварчин, улстөрчид нь бүгд хулгайч, хүүхэд залуус нь яахаа алдсан мэт нийтээр нь харлуулсан, улс үндэстнээр нь үгүй хийх гэсэн гадаад дотоодын маш олон бүлэглэл төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Иймд хаанаас ямар шугамаар төлбөр авч байна, ямар эх үүсвэр санхүүжилтээр гүтгэлэг доромжлол явуулж, улс орныг талцуулж байгааг, ямар зорилготой байгааг нь тагнуул, хууль сахиулах байгууллагынхан олж, цэг тавина" гэв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요