Ираны дайнд учирсан хохирлын тоо баримтаас Пентагон амь үрэгдсэн дөрвөн цэргийнхээ бүртгэлийг хасжээ
Пентагон сүүлийн хэдэн долоо хоногт Ойрх Дорнодод болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн дөрвөн цэргээ Ираны дайны хохирлын тоо баримтаас хасаж, тусад нь шинээр бий болгосон ангилалд оруулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнийг дайны хохирлын талаар АНУ-ын олон нийтийн бухимдлыг намжаах зорилготой Трампын засаг захиргааны авсан арга хэмжээ байж болзошгүй хэмээн ажиглагчид сэжиглэж байна.
Пентагон өнгөрсөн долоо хоногт Ираны дайны хохирлын тоо баримтыг харуулдаг DCAS (Defence Casualty Analysis System) системээсээ амь үрэгдсэн дөрөв, шархадсан хэдэн арван цэргийн бүртгэлийг хассан юм.
Ням гарагт уг системд “Overseas Operations” нэртэй шинэ ангилал үүсгэж, үүндээ амь үрэгдсэн дөрвөн цэрэг болон шархадсан 207 цэргийг дахин бүртгэсэн байв.
Энэ талаар Иран дахь ажиллагааг хариуцаж буй АНУ-ын цэргийн төв командлалаас тодруулахад Пентагон руу уг асуултыг шилжүүлсэн бол Цагаан ордон хариу өгөөгүй байна.
Пүрэв гарагт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жоэл Валдез онлайн системд бүртгэлтэй хохирогчийн тоо буурсныг ямар нэг тоо баримт нуух гэсэн оролдлого биш, ойрын хугацаанд шийдэгдэх түр зуурын мэдээллийн тасалдалтай холбоотой хэмээн тайлбарлаж байжээ.
Мягмар гарагийн орой уг системд Ираны дайны үеэр амиа алдсан 18 цэрэг, шархадсан 482 цэрэг бүртгэлтэй байсан юм.
Сүүлд хасагдаж, ангилал солигдсон дөрвөн цэрэг нь АНУ, Ираны хооронд байгуулагдсан түр гал зогсоох гэрээ зөрчигдөж, хурцадмал байдал дахин сэргэснээс хойш алагдсан юм.
Тухайлбал долдугаар сарын 17-ны өдөр Йорданы бааз Ираны агаарын цохилтод өртөхөд амь үрэгдсэн гурав, маргааш нь Иракийн нутагт унасан Ираны нисгэгчгүй онгоцыг аюулгүй болгох үеэр амь үрэгдсэн нэг цэрэг үүнд багтаж байна.
Эндээс харвал түр гал зогсоох гэрээ байгуулагдсанаас хойш учирсан хохирлыг Трампын засаг захиргаа Ираны дайнтай холбохыг хүсэхгүй байгаа бололтой.
Мягмар гарагт Трамп сошиал хуудсаараа Ираны дайнд нийт 18 цэргийн алба хаагч амь үрэгдсэнийг баталж байлаа.
Гэтэл Лхагва гарагт Пентагоны онлайн системд 14 хүн амь үрэгдсэн, 420 хүн шархадсан болж буурсан юм.
Шинээр үүсгэсэн “Overseas Operations” ангилалд долдугаар сарын 7-ны өдрөөс хойш учирсан хохирлыг бүртгэхээр болж байгаа юм байна.
Долдугаар сарын дундуур мөргөлдөөн дахин хурцдаж эхэлснээс хойш Пентагон ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь ч багассан юм. Тухайлбал тавдугаар сараас хойш Пентагон хэвлэлийн хурал зохион байгуулахаа больж, АНУ-ын цэргийн төв командлал хохирлын тоо баримтыг хэвлэл мэдээллийнхэнд өгөхөө зогсоожээ.
Эх сурвалж: Associated Press ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요