П.Наранбаяр: Цахим орчинд хүүхдийн оролцоог хязгаарлах тухай хууль батлагдвал 13 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд орох боломжгүй болно
Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, П.Ганзориг нарын нэр бүхий есөн гишүүн нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр "Өнөөдөр нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийг өргөн барьсан нийт есөн гишүүн бий. Надтай цуг зогсож байгаа УИХ-ын гишүүн Ч.Анар, П.Ганзориг болон Лу.Гантөмөр, Б.Жавхлан, Ж.Галбадрах, О.Номинчимэг, С.Лүндэг, Ч.Номин нарын есөн гишүүн өргөн барьж байна.
Энэ хуулийн төслийн талаар хоёр зүйлийг онцлох ёстой. Эхнийх нь хүүхдийн аюулгүй байдлыг нийгмийн сүлжээнд хамгаалах асуудал. Тодруулбал 13 хүртэлх насны хүүхдийг аливаа нийгмийн сүлжээнд оролцохыг хориглоно. 13-аас 16 хүртэлх насны хүүхдийг аюулгүй байдлын тохиргоо болон бусад бүх шаардлагыг хангасан тохиолдолд нийгмийн сүлжээнд хязгаартай байдлаар оролцуулна.
Энэ ажлыг Цахим хөгжлийн яам, хүүхэд, хөгжил, гэр бүлийн яам, боловсролын яам болон харилцаа холбооны зохицуулах хорооны оролцоог хуульчилсан байгаа. Үүний зэрэгцээ бид энэ хуулийн төслийг боловсруулахад сүүлийн хоёр жил анхаарч ажилласан. Энэ ажлыг хамгийн анх Боловсролын сайд асан Лу.Гантөмөр гишүүний санаачилгаар боловсруулж эхэлсэн.
Цаашдаа энэ хууль батлагдвал өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсад хэрэгжиж байгаа хууль манай улсад хэрэгжинэ гэсэн үг. Хамгийн алдартай жишээ бол Австрали Улс. Тэнд 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд оролцох эрхийг хязгаарласан байдаг. Европын ихэнх орнууд, Бразил, Филиппин, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос гэх зэрэг улсууд үүнтэй төстэй хууль батлагдсан байна.
Энэ хуулийн төсөл зургаан бүлэг, 20 зүйлтэй.
Уг хууль батлагдвал 2027 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд насны хязгаарыг тавьж, хүүхдийг нас, нэрээр нь бүртгэх технологийн шийдлийг хийх үүрэг хүлээх юм.
Нийт 12,000 орчим оролцогч хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн есөн дүүргийн 15-аас 16 хүртэлх насны 1,100 гаруй хүүхэдтэй хэлэлцүүлэг хийсэн. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 175 сургуулийн холбогдох багш, нийгмийн ажилтан зэрэг улсуудтай ярилцсан. Түүнчлэн сар гаруйн хугацаанд иргэдээс санал авсан.
Судалгаанаас үзэхэд дөрвөн цагаас дээш хугацаагаар нийгмийн сүлжээнд байдаг хүүхдийн тоо 30 хувьтай байна. Энэ талын ямар ч мэдлэггүй хоёр настай хүүхэд хүртэл нийгмийн сүлжээнд нэвтэрч байгаа тул уг асуудлыг цэгцлэх шаардлагатай гэж үзэж буй" гэлээ. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요