Европын Холбооноос анх удаа Франц улс 15 хүртэл насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглолоо
Мягмар гарагт Франц улсын парламент 15 хүртэл насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг баталжээ.
Ингэснээр тус улс ийм хориг арга хэмжээ авсан Европын Холбооны анхны гишүүн болж байна.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон үүнийг бүрэн эрхийнхээ үлдсэн хугацааны тэргүүн зорилт болгож, есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээ амласан юм.
“Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах чиглэлд Франц улс Европ тивдээ тэргүүллээ. Үндсэн хуулийн зөвлөл одоо үүнийг эцэслэн шийдвэрлэх ёстой бөгөөд дараа нь энэ арга хэмжээг бодитой болгож, хүүхдүүдээ онлайн орчинд хамгаалж эхлэх болно” гэж тэр мэдэгдээд хуулийн төслийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлжээ.
Өчигдөр өглөө Сенатын танхим хуулийн төслийг дэмжсэний дараа Үндэсний Ассамблейн гишүүдийн 279 нь дэмжиж, 81 нь эсэргүүцсэнээр батлагдсан юм.
Хууль хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхлээд есдүгээр сарын нэгнээс эхлэн 15 хүртэл насны хүүхдүүд сошиал платформд шинээр бүртгүүлэх боломжгүй болох юм.
2027 оны нэгдүгээр сараас эхлэх дараагийн шатанд өмнө нь бүртгүүлсэн 15 хүртэл насны хэрэглэгчдийн хандах эрхийг хааж эхлэх юм байна.
Парламентын санал хураалтын өмнө Францын Дижитал сайд Анн Ле Энанф “нас баталгаажуулах хэрэгслүүд нэгэнт бий болсон тул” хэрэгжүүлэх хугацааг бодитой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Дөрвөн сарын дотор Францын сошиал хэрэглэгчид насаа нотлох хэрэгтэй болно. Үүний дараа 15-аас доош настай хэрэглэгчдийн дансыг хааж эхэлнэ” гэж тэр тайлбарласан юм.
Шинэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хориглох дээрх хуулийн бас нэг заалт давхар хэрэгжиж эхлэх гэнэ.
Францын олон нийтийн эрүүл мэндийн хяналтын байгууллага өнгөрсөн онд TikTok, Snapchat, Instagram зэрэг сошиал платформуудын хэрэглээ өсвөр насныхан, тэр дундаа охидын сэтгэцийн эрүүл мэндэд хортой болохыг тогтоосноо зарлаж байв.
Францаас гадна Грек, Испани улсууд Европын Холбоо даяар хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлахыг уриалсан бөгөөд Брюсселийн эрх баригчид одоо энэ талаар судалж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен хүүхдүүд сошиал сүлжээг “үе шаттай, аажмаар хэрэглэдэг болох ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Одоогоор дэлхийн 20 улс хүүхдүүдийн онлайн хэрэглээг хязгаарлах арга хэмжээг санаачилсан буюу хэрэгжүүлсний нэг нь Франц болж байна. Европын Холбооны бусад гишүүн улсууд Францын жишээг анхааралтай ажиглаж байгаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австрали улс дэлхийн улс орнуудаас анх удаа 16 хүртэл насны хүүхдийн сошиал хэрэглээг хориглох хууль хэрэгжүүлж эхэлсэн юм.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요