Ц.Идэрбат: Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэж, 2027 оны намрын тарилгыг дотоодын вакцинаар хийхээр төлөвлөсөн
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Мал аж ахуйн салбарын тухайд Монгол Улсын хэмжээнд зуншлага сайн байгаа тул малчид өөрсдийн аймаг, орон нутгаасаа хадлангаа бэлдэх юм байна. Мөн эдийн засгийн эргэлтэд нь саараар нөлөөлөгч томоохон хоёр эрсдэл болох зуд, гоц халдварт өвчнийг хэрхэн шийдэх талаарх төлөвлөгөөгөө салбарын сайд нь танилцуулав.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Үе үе тохиодог зудын гамшгаас болж мал аж ахуй ямар том хохирол амсдагийг мартаж болохгүй. Тухайлбал 2023-2024 оны зудаар Монгол Улс 10 гаруй сая мал буюу мөнгөн дүнгээр тооцвол 3.5 их наяд төгрөгийн хохирол амссан.
Яамны зүгээс зудын эсрэг бэлтгэлийг аймаг, сумын нөөц гэхээс илүү малчдын оролцоонд түшиглэн хийж байна. Эхний ээлжид тавдугаар сараас эхлэн 17 аймгийн 25 суманд "Нутагтаа эзэн 100", "Нутагтаа эзэн 1,000" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь есдүгээр сарын сүүлээр харагдана. Одоогоор 25 сумын 1,000 гаруй өрх ногоон тэжээлийн тариалалтад гар бие оролцож байгаа. 2027 оны төсөвт зудын гамшгаас сэргийлэх энэхүү хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ.
Мал аж ахуйд гардаг өөр нэг тулгамдсан асуудал нь малын гоц халдварт өвчин. Үүнтэй тэмцэхгүйгээр уг салбарын эдийн засгийн эргэлт ярих боломжгүй. Мах, арьс шир авах талаар олон улсаас хүсэлт ирдэг. Гэхдээ Монгол Улс малын өвчингүй болох ёстой гэдэг ганц л шаардлага тавьж байна. Иймд бид мал эмнэлгийн тогтолцоо, санхүүжүүлэх схемийг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ хүрээнд "Эрүүл мал" аяныг зохион байгуулна.
Цаг үеийн мэдээлэл өгөхөд Монгол Улсад урьд өмнө нь гарч байгаагүй SAT1 гоц халдварт өвчин гарсны улмаас энэ оны тавдугаар сарын 25-наас хойш өнөөг хүртэл хорио цээр, устгал зэрэг олон ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 100 хувь хийгдээд, үхэр сүрэгт 14 хоногийн давтан тунг нь хийлээ. SAT1 өвчний тохиолдлыг бүрэн зогсоолоо.
Долоодугаар сарын 25-нд Оросын Холбооны Улс(ОХУ)-аас хоёр сая тун вакцин ирнэ.
Шүлхийн вакциныг жилд хоёр удаагийн давтамжтай хийдэг. Намрын вакциныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-нд хийж дуусгана. Өмнө нь вакциныг дүн өвлөөр, мал ядарсан үед тарьдаг байсан нь вакцины чанар муудах, мал хоргодох зэрэг уялдаагүй асуудал гардаг байсан. Шүлхий өвчин гараад байгаа учир шалтгааныг олж шийдэх ёстой. Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах ёстой. Бид жилд 50 орчим тэрбум төгрөгийг тарилга туулга хийчхээд өвчнөөсөө салахгүй байгаа нь хамгийн утгагүй асуудал. Хариуцлагагүй ажиллаж байгаа, мэргэжлийн чиг үүргээ биелүүлж чаддаггүй хоёр аймгийн мал эмнэлгийн даргыг чөлөөлнө" гэлээ.
Түүнчлэн шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх зорилгын хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай хамтран ажиллаж байгаа гэв.
Энэ талаар сайд Ц.Идэрбат "Биокомбинатад шүлхийн вакцин савладаг байх зорилго дэвшүүлсэн. Энэ оны аравдугаар сард туршилтын эхний тунг гаргаж авна. Зургаан сар хээрийн туршилт хийснээр 2027 оны намрын тарилгыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөж байна. Жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр гаднаас худалдаж авч байгаа вакцинуудыг дотооддоо үйлдвэрлэх бүх бололцоог хоёр хөрш орныхоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч бүрдүүлнэ" гэв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요