Өмнөд Солонгосын шүүх SK группийн ерөнхийлөгчөөр салсан эхнэрт нь $644 саяын хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргалаа
Баасан гарагт Сөүл хотод болсон шүүх хурлаас SK группийн ерөнхийлөгч Чэй Тэ Воноор түүний салсан эхнэр Ро Со Ёнд 944 тэрбум воны хөрөнгө ($644 сая) шилжүүлгэх шийдвэр гарчээ.
Хос хоёрын олон жил үргэлжилсэн гэр бүл салалтын маргааныг Сөүлийн дээд шатны шүүх ийнхүү эцэслэн шийдвэрлэж байна.
Шүүх Чэй Тэ Воны эзэмшдэг SK групп дэх хөрөнгийг гэр бүлийн дундын өмч тул салсан эхнэртэйгээ хуваалцах ёстой гэж дүгнэжээ.
Энэ үндэслэлээр Чэйгийн эзэмшлийн гуравны нэгийг Род шилжүүлэх захирамж гаргасан байна.
Род шилжүүлэх үнэт цаас хүрэлцээгүй тохиолдолд бэлэн мөнгөөр төлүүлэхээр болжээ.
Шүүх хуваах хөрөнгийн хэмжээг давж заалдах шатны шүүх хурал болсон 2024 оны дөрөвдүгээр сарын үеийн хувьцааны үнэ ханшаар тооцсон байна.
“Өнгөрсөн хугацаанд SK группийн хувьцааны ханш мэдэгдэхүйц өссөн хэдий ч үүнд Чэйгийн удирдлагын хувь нэмэр нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй” гэж шүүх тайлбарлажээ.
Шүүхийн өмнөх шийдвэрийг Ро давж заалдсаны дараа өнгөрсөн оны аравдугаар сард Өмнөд Солонгосын дээд шүүх дахин хянуулахаар буцааж байв.
Ро Со Ён нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Тэ Угийн охин юм. Ерөнхийлөгч агсан SK группт өөрийн сангаас 30 тэрбум воны хөрөнгө оруулж байжээ.
Гэвч шүүх энэ хөрөнгийг Ро Со Ёны оруулсан хувь нэмэр гэж үзэхгүй байх шийдвэр гаргасан байна.
“20 орчим жил үргэлжилсэн гэрлэлтийг салгах эцсийн шийдвэрийг дээд шүүх өнгөрсөн онд гаргасан бөгөөд эд хөрөнгө хуваахтай холбоотой асуудлыг өнөөдөр шүүх дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Ерөнхийлөгч Чэй энэ үйл явцын турш олон хүний санааг зовоосондоо чин сэтгэлээсээ харамсаж байна” гэж Чэй Тэ Воны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Чэй шүүхийн шийдвэрийг сайтар хянаж үзсэний дараа дэлгэрэнгүй байр сууриа илэрхийлэхийг төлөөлөгч бас мэдэгдсэн байна.
Чэй, Ро нар 1988 онд гэрлэж, гурван хүүхэдтэй болсон ч салсан юм. 2015 онд Чэй эвлэршгүй санал зөрөлдөөний улмаас арав гаруй жил тусдаа амьдарч байгаа болон гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болсноо олон нийтэд анх удаа дэлгэж байв.
Баасан гарагийн шийдвэр нь хосын хооронд хуулийн маргаан эхэлсэн 2017 оноос хойш есөн жилийн дараа гарч байна. Чэй анх 2017 онд гэр бүлийн салалт зуучлалын үйлчилгээ авах хүсэлт гаргаж байлаа.
Энэ оролдлого бүтэлгүйтсэн тул тэр дараа жил нь гэр бүл салгах албан ёсны хүсэлтээ гаргасан юм. 2019 онд Ро салалтыг хүлээн зөвшөөрсөн ч сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
2022 онд анхан шатны шүүх Род Чэйгээр 100 сая воны тэтгэмж, 66.5 тэрбум воны эд хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргаж байв.
2024 онд давж заалдах шатны шүүх үүнийг хоёр тэрбум воны тэтгэмж, 1.38 их наяд воны хөрөнгө болгон эрс нэмэгдүүлжээ.
Ингэхдээ давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч агсан Ро Тэ Угийн 30 тэрбум воны хөрөнгө оруулалт, Ро Со Ёны хувь нэмэр SK группийн өсөлтөд нөлөөлсөн гэж үндэслэлээ тайлбарлаж байв.
Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард дээд шүүх уг мөнгийг ерөнхийлөгч агсны хууль бусаар олж авсан хөрөнгө тул охиных нь оруулсан хувь нэмэрт тооцогдохгүй гэж дүгнээд давж заалдах шатны шүүхэд дахин хянуулахаар буцаасан юм.
Давж заалдах шатны шүүх хоёр тэрбум воны тэтгэмжийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөвхөн хөрөнгө хуваах асуудлыг дахин хэлэлцсэн нь ийнхүү шийдвэрээ гаргаж байна.
SK групп 1953 онд оёдлын бизнесээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь өнөөдөр Өмнөд Солонгостоо Самсунгийн дараа ордог томоохон групп болоод байгаа.
Өнөөдөр тус группийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч SK Hynix компани хиймэл оюуны хөгжлийн чухал тоглогч болоод байна.
Тиймээс Өмнөд Солонгосын хэвлэлүүд Чэй, Ро нарын салалтыг “зууны салалт” хэмээн нэрлэж байгаа юм.
Эх сурвалж: Korea Times ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요