Хар дарсан зүүднээсээ сэрцгээ, монголчууд аа!

Facebook бол үзэл бодол байр сууриа илэрхийлэх томхон талбар. Хүлээн зөвшөөрч байна. Цэдэнсодномын Булгантамир гэж сүрхий даацтай нийтлэлч фээст байнга бичдэг. Өөртэй нь зөвлөж зөвшөөрлийг нь аваад уржигдар бичсэн нийтлэлийг нь орууллаа. Монголчууд маань санаа сэдэл аваг гэж бодлоо. Маш сайн нийтлэл!
Монгол Улс 1.56 сая км² газар нутагтай. Хүн ам нь ердөө 3.5 сая орчим – 3.6 саяас давсан болов уу, лавлаарай -Д.Баярхүү
Өөрөөр хэлбэл бид газар нутагтаа багтаж ядсан улс биш. Хүн амаа тэжээх эх үүсвэргүй улс биш. Эрчим хүчний түүхий эдгүй улс биш. Экспортлох баялаггүй улс биш. Аж үйлдвэр байгуулах газаргүй улс бүр ч биш.
Монголын гол асуудал бол баялаггүйдээ ядуу байгаа явдал биш. Баялгаа эдийн засгийн хүч болгон хувиргаж чадахгүй байгаадаа ядуу байгаа явдал.
Нүүрс байна. Зэс байна. Алт байна. Уран байна. Төмрийн хүдэр байна. Газрын тос байна. Сэргээгдэх эрчим хүчний асар том потенциал байна. Хоёр аварга зах зээлийн дунд байрласан газарзүйн байрлал байна – 70 сая толгой мал сүрэг бас байна –Д.Баярхүү
Ийм өгөгдөлтэй, ердөө 3.5 сая хүнтэй улс яагаад өнөөдөр өндөр орлоготой, өндөр технологийн, эрчим хүчний илүүдэлтэй, дэлхийн хэмжээний дэд бүтэцтэй улс болоогүй юм бэ? Энэ асуултыг асууж эхлэх цаг болсон.
3.5 САЯ ХҮН БОЛ ҮНДЭСТНИЙ ХЭМЖЭЭНД АСАР ЦӨӨН ТОО
Дэлхийн зарим том хотын ганцхан дүүрэгт Монгол Улстай дүйцэх хүн ам амьдардаг. Бид 80 сая хүнийг ажилтай болгох гэж байгаа улс биш. 300 сая хүний эрчим хүчийг хангах гэж байгаа улс биш. 1 тэрбум хүний орон сууцны асуудлыг шийдэх гэж байгаа улс биш. Ердөө 3.5 сая хүний боловсрол, эрүүл мэнд, орон сууц, эрчим хүч, тээвэр, ажлын байрны асуудлыг шийдэх гэж байна. Тэгэхээр Монголын хөгжил боломжгүйдээ гацсан биш. Улс төр, институц, дэд бүтэц, геополитикийн буруу сонголтоос болж гацсан.
ЯДУУ МОНГОЛ ГЭДЭГ БОЛ БАЙГАЛИЙН ХУУЛЬ БИШ
Монгол заавал ядуу байх ёстой гэсэн физикийн хууль байхгүй. Монгол хүн заавал сард $500–$1000 орчим орлогоор амьдрах ёстой гэсэн эдийн засгийн хууль ч байхгүй. Хэрэв Монгол Улс байгалийн баялгийнхаа өгөөжийг дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, технологи, аж үйлдвэр болгон хувиргаж чадвал нэг хүнд ногдох бүтээмж өнөөгийн түвшнээс хэд дахин өсөх боломжтой.
Алсын зорилго нь бүр:
Монгол хүний сарын дундаж орлого $10 000 хүрдэг, нэг хүнд ногдох ДНБ $150 000 давдаг эдийн засгийг байгуулах байж болно. Өнөөдөр энэ тоо үлгэр шиг сонсогдож болно. Гэхдээ хөгжил гэж өнөөдрийн ядуурлаа маргааш руу хуулж тавихыг хэлдэггүй. Хөгжил гэдэг өнөөдөр боломжгүй мэт харагдаж байгаа бүтээмжийг 20–30 жилийн дараа хэвийн зүйл болгохыг хэлдэг.
Нэгэнт хүн дээр авч ярьж байгаа бол миний тайлбар бүр ч радикал. Монголчуудыг бүтээлч ажил хөдөлмөр байнга эрхлүүлэх хэрэгтэй. Ажил хийхээс аргагүй байдалд ортол нь шахсан хууль батлах хэрэгтэй. Насанд хүрсэн, эрүүл саруул бүх монгол хүн ажлын төлөө бат зогсох хэрэгтэй. Жаргал цэнгэл, уран сайхан нь хэтэрчхээд байна–Д.Баярхүү
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР НЬ ЦАХИЛГААН
Бид уул уурхай ярьсаар байгаад хамгийн чухал зүйлийг мартдаг. Орчин үеийн эдийн засаг бол цахилгаан дээр ажилладаг. Зэс хайлуулах үйлдвэр цахилгаан иднэ. Гангийн үйлдвэр цахилгаан иднэ. Химийн үйлдвэр цахилгаан иднэ. Цахилгаан төмөр зам цахилгаан иднэ. Дата төв цахилгаан иднэ. Хиймэл оюуны серверийн парк цахилгаан иднэ. Чипийн үйлдвэр асар их цахилгаан, ус, өндөр найдвартай дэд бүтэц шаарддаг.
Тиймээс Монгол Улс эхлээд эрчим хүчний хомсдол ярьдаг улс байхаа болих ёстой.5 ГВт хэрэгтэй бол 10 ГВт барь. 10 ГВт хэрэгтэй бол 20 ГВт-ын систем төлөвлө. Хэрэглэгч араас нь бий болно. Үйлдвэр араас нь ирнэ. Хөрөнгө оруулагч араас нь ирнэ. Хот араас нь босно.
МОНГОЛД ДАТА ТӨВ БАЙГУУЛЖ БОЛНО
XX зуунд газрын тос стратегийн баялаг байсан. XXI зуунд цахилгаан, тооцоолох хүчин чадал, дата, чип стратегийн баялаг болж байна. Монгол яагаад зөвхөн нүүрс ачдаг улс байх ёстой гэж? Монголд хямд, тогтвортой, их хэмжээний цахилгаан үйлдвэрлэж чадвал дэлхийн хэмжээний дата төвүүд байгуулах боломж нээгдэнэ. Хиймэл оюуны сургалтын серверүүд байршуулж болно. Cloud infrastructure байгуулж болно. Өндөр хүчин чадлын тооцооллын төв байгуулж болно. Азийн дата хадгалалт, нөөц серверийн бүс болж болно. Монголын хүйтэн уур амьсгал зарим төрлийн дата төвийн хөргөлтийн зардлыг бууруулах давуу тал ч болж чадна. Энд нэг зарчим бий. Монголын газрын доорх баялгийг ухаж зарахаас гадна Монголын газар нутаг дээр цахилгаан зарж болно. Тооцоолох хүчин чадал зарж болно. Дата хадгалалт зарж болно.
ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?
Монголд бүх төрлийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг маргааш өглөө шууд босгоно гэвэл үлгэр. Харин 20 жилийн стратегиар бол огт өөр асуудал. Эхлээд эрчим хүч. Дараа нь инженер. Дараа нь цэвэр ус. Дараа нь химийн үйлдвэрлэл. Дараа нь нарийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ. Дараа нь электроникийн угсралт. Дараа нь semiconductor packaging. Дараа нь testing. Дараа нь тусгай зориулалтын чипийн үйлдвэрлэл. Ингэж шат ахина.
Чипийг вагон вагоноор зөөх шаардлагагүй. Онгоцоор дэлхий даяар экспортолж болно. Өөрөөр хэлбэл далайд гарцгүй Монголын хамгийн том сул тал өндөр үнэтэй, бага жинтэй бүтээгдэхүүн дээр бараг арилна. Нэг тонн нүүрс тээвэрлэхэд төмөр зам хэрэгтэй. Харин хэдэн зуун сая долларын үнэтэй микроэлектроникийн бүтээгдэхүүн хэдхэн тонн жинтэй байж болно. Энэ бол далайд гарцгүй Монголын хийх ёстой эдийн засгийн шилжилт.
БИД ГАЗАР НУТГИЙНХАА ҮНЭ ЦЭНИЙГ ОДОО ХҮРТЭЛ ОЙЛГООГҮЙ
1.56 сая км² гэдэг зөвхөн мал бэлчээх талбай биш. Энэ бол: эрчим хүч үйлдвэрлэх талбай, үйлдвэрийн бүс байгуулах талбай, шинэ хот байгуулах талбай, дата төвийн кластер байгуулах талбай, логистикийн коридор байгуулах талбай, шинжлэх ухааны хот байгуулах талбай, хүнд үйлдвэрлэл байгуулах талбай, сансар, холбоо, батлан хамгаалах технологийн туршилтын асар том орон зай юм. Бид газар нутгаа хараад хоосон тал гэж хардаг. Хөгжсөн сэтгэлгээ бол тэр газрыг эдийн засгийн платформ гэж хардаг.
ХОЁР ХӨРШИЙН ДУНД БАЙГАА НЬ ЗААВАЛ ХАРААЛ БИШ
Монголын хамгийн том алдаа бол хоёр хөршийн дунд байгаагаа зөвхөн аюул гэж харах. Үгүй. Энэ бол бас зах зээл. Урд талд дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн системүүдийн нэг байна. Хойд талд асар том түүхий эд, эрчим хүчний эдийн засаг байна.
Монгол энэ хоёрын аль нэгний дагуул болох биш, өөрийн ашиг сонирхлоор хоёр талтай худалдаа хийж, гуравдагч хөршийн технологи, капитал, институцыг татах ёстой.
Харин Монголыг ядуу, дэд бүтэцгүй, эрчим хүчний дутагдалтай байлгах сонирхол гадна, дотнын аль ч тоглогчдод байж болохыг үгүйсгэж болохгүй. Ядуу улс барьцаалахад амархан. Эрчим хүчний хараат улс дарамтлахад амархан. Экспортын ганц гарцтай улс хэлэлцээ хийх чадваргүй.
Харин баян, боловсролтой, технологитой, олон гарцтай Монголыг хэн ч амархан захирч чадахгүй. Тиймээс асуудлыг “Хэн бидэнд хайртай вэ?” гэж тавих хэрэггүй. “Монголд юу ашигтай вэ?” гэж тавь. – Жич: Финландын тухай бичсэн бас нэг чухал өгүүлэл байна, үзээрэй –Д.Баярхүү
БАЯЛАГАА ИДЭЭД ДУУСГАХ УУ, ЭСВЭЛ БАЯЛГААРАА ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ БАРИХ УУ?
Нүүрс дуусна. Зэсийн уурхай нэг өдөр хаагдана. Алт олборлогдоод дуусна. Газрын тосны орд мөнх биш.
Гэхдээ тэдгээрийн орлогоор байгуулсан: цахилгаан станц, их сургууль, судалгааны хүрээлэн, өндөр технологийн үйлдвэр, дата төв, төмөр зам, шинэ хот, инженерийн сургууль,
үндэсний хөрөнгө оруулалтын сан хэдэн үеэрээ үлдэж болно – Гол нь энэ их баялгийг гардан бүтээгч Монгол Хүн Та!–Д.Баярхүү
Жинхэнэ баялаг гэдэг газрын доорх нүүрс биш. Нүүрсийг зарж дууссаны дараа ч ажилласаар байх эдийн засгийн машин юм – Эдийн засгийн машин ажиллуулагч Монгол Хүн –Д.Баярхүү
ХАР ДАРСАН ЗҮҮДНЭЭСЭЭ СЭР
Монголчууд бид өөрсдийгөө хэтэрхий жижиг бодож сурсан: “Манайх жижиг улс”; “Манайд хүн байхгүй”; “Манайд мөнгө байхгүй”; “Манайд инженер байхгүй”; “Манайд далай байхгүй”; “Манайд үйлдвэр байгуулах боломжгүй”. Ингэж 30 жил өөрсдийгөө гипноздлоо.
Харин үнэн нь эсрэгээрээ. Хүн ам цөөхөн учраас нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтыг асар өндөр болгох боломжтой. Газар том учраас эрчим хүч, үйлдвэр, хот байгуулалтын орон зай хангалттай. Баялаг их учраас эхний капитал босгох боломж бий. Хятадтай хиллэдэг учраас дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг хажууд байна. Барууны технологийг оруулж ирээд Монголын эрчим хүч, газар нутаг, түүхий эдтэй хослуулж болно. Энэ бол ядуу байх тавилантай улсын зураг биш. Энэ бол буруу удирдвал ядуу үлдэх, зөв удирдвал дэлхийн хамгийн өндөр орлоготой жижиг үндэстнүүдийн нэг болж чадах улсын зураг.
3.5 сая хүнтэй Монголыг сайхан амьдруулах боломжгүй гэж ярьж байгаа хүн Монголын хэмжээг ч ойлгоогүй, Монголын баялгийг ч ойлгоогүй, XXI зууны эдийн засгийг бүр ч ойлгоогүй байна. Бидэнд 80 сая хүний асуудал байхгүй. Бидэнд 3.5 сая хүнийг дэлхийн хэмжээний боловсролтой, өндөр орлоготой, технологитой үндэстэн болгох л ажил байна.
Хар дарсан зүүднээсээ сэрцгээ, Монголчуудаа. Бид ядуу төрсөн улс биш. Бид баялгаа хөгжил болгож хувиргаж чадаагүй улс. Одоо хувиргах цаг нь болсон.
Нэмчих үү? Нэгэнтээ хөндсөн сэдэв цаг үеийн, хойшлуулшгүй амин чухал учраас. Нэмье, бас давтъя. Ц.Булгантамир маань МОНГОЛ ХҮН рүү хандуулах нь хандуулжээ. Гэхдээ “Чиний өөрийн чинь буруу” гээд шууд хэлж эмзэглүүлсэнгүй. “Буруу удирдлаа” гэсэн байна. Монголчуудыг зөв удирдах гэж социализмын 70 жилд цөхрөнгөө бараад өмнөх нийгэм нураад уначихсан. УБ-т суугаа Зөвлөлтийн ЭСЯ, үе үеийн Элчин сайд нараас Москвадаа “алтан хошуу” өргөж бичсэн илтгэх хуудас, танилцуулах мэдээ, ярианы тэмдэглэл, дүгнэлт (бүр БНМАУ-ын хүн амын санаа сэтгэлийн байдал гэж гарчигласан шүү!), МАХН-ын удирдагчдаас хэдэн биенээ матаж ярьсан ховын тэмдэглэл, гол нь СССР улсаас тэгж их туслаад социалист орнууд дэмжээд ЭЗХТЗ-дөө элсүүлээд (олон улсын хөдөлмөрийн социалист хуваарь) байхад БНМАУ олигтой хөгжиж чадахгүй байгаагийн цаад учир шалтгааныг МОНГОЛ ХҮН гэж энэ нэг бодгаль хөгжих тавилангүй (хөгжүүлэх гэж зөвлөлтийн мэргэжилтнүүд махаа идэж байна гэх мэт), дэндүү хэнэггүй зоргоороо, бас мугуйд зөрүү, харанхуй бүдүүлэг гээд биччихсэн ах нарын маань нэг ёсны матаасны албан бичгийн эмхэтгэл шахуу том номыг би дэлгээд сууж байна. Толгой сэгсэрмээр, нүдэндээ үл итгэмээр мөрүүд хуудас хуудас дүүрэн байна. Үүнийг би нэмж хэлье – Д.Баярхүү ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요