Украины дронууд Оросын онлайн худалдааны аварга компанийн агуулахад хоёр дахь удаагаа довтолжээ

Украины нисгэгчгүй онгоцнууд өчигдөр Оросын хамгийн том онлайн худалдааны компанийн агуулахад хоёр дахь удаагаа довтолжээ.
Өнгөрсөн Бямба гарагт Wildberries компанийн Оросын төв бүс дэх хоёр агуулах Украины цохилтод өртөхөд томоохон гал түймэр гарч, найман хүний амь үрэгдэж байсан юм.
Өчигдөр Оросын өмнөд бүсийн Краснодар, Ставрополь мужуудад байрладаг хоёр агуулах цохилтод өртсөний улмаас нэг хүн алагдаж, 14 хүн шархаджээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эдгээр агуулахууд “Оросын армийг нисгэгчгүй онгоцны эд анги, навигацын тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангадаг” гэсэн үндэслэлээр ажиллагаагаа зөвтгөсөн байна.
Оросын Амазон гэгддэг Wildberries компани нь 48,000 орчим ажилтантай бизнесийн томоохон байгууллага юм.
Краснодар, Ставрополь дахь ложистикийн төвүүд халдлагад өртсөний дараа ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй Татьяна Ким мэдээлжээ.
“Энгийн хүмүүс, манай ажилчид, зүгээр л ажлаа хийж байгаа бидэнд халдсанаас үүдэлтэй бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэх аргагүй. Гэхдээ энэ нөхцөл байдал бид хүмүүсийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах ёстойг харуулж байна” гэж тэр Телеграм сувагтаа бичсэн байна.
Wildberries компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй Татъяна Ким
Краснодар мужийн агуулахад болсон халдлагын улмаас 10 хүн шархадсаны гурвынх нь биеийн байдал хүнд байгааг мужийн захирагч Вениамин Кондратьев мэдээлжээ.
Сүүлд тэр нэг залуу эмэгтэй эмнэлэгт нас барсныг нэмж мэдээлсэн юм.
Невинномысск хотын захад байрладаг агуулахад таван хүн шархадсаныг Ставрополь мужийн захирагч Владимир Владимиров мэдээлжээ.
Wildberries компанийн вэб сайтад хуяг дуулга, дроны эд ангиуд зэрэг цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүнүүд өргөнөөр зарагддагийг хайлтын үр дүн харуулж байна.
“Wildberries компанийн агуулахуудад довтлох үндэслэл нь Оросын арми болон зэвсэг үйлдвэрлэгчдэд чиглэсэн давхар зориулалттай бараа бүтээгдэхүүн, электроник эд ангиудын нийлүүлэлтийг тасалдуулах юм. Ийм цохилтоос үүдэлтэй хохирол нь Оросын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхээс гадна дайныг дэмжиж буй Оросын нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх магадлалтай” гэж Украины Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Төвийн захирал Сергей Кузан хэлжээ.
Украины цохилтууд Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчид, онлайн зах зээлээс амьдрал ахуй нь хамааралтай олон сая хүнд нөлөөлж байна.
Амазоноос ялгаатай нь Wildberries болон түүний өрсөлдөгч Ozon бараг бүхэлдээ худалдагч, худалдан авагчдыг холбох, бараа бүтээгдэхүүнийг хадгалах, хүргэх, төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй зах зээлийн платформ хэлбэрээр ажилладаг.
Украины цохилтын дараа ихээхэн хохирол амсаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо Оросын жижиглэн худалдаачид сошиал орчинд зарласаар байна.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요