Халуунаас зугтсан Европын орнуудын иргэд зуны амралтаа сэрүүн бүсэд өнгөрүүлэх нь нэмэгджээ
Манай гарагийн хамгийн хурдтай дулаарч байгаа бүс нутаг болох Европ тивд зуны улиралд агаарын температур Цельсийн 40 хэм хүрдэг болоод байгаа.
Үүний улмаас зуны амралтаа хойд зүгийн сэрүүн бүс нутагт өнгөрөөх сонирхолтой жуулчдын тоо нэмэгджээ. Энэ үзэгдлийг “coolcation” (cool vacation) гэж нэрлэдэг болж, 2026 оны хэт халалтын үеэр улам тод ажиглагдсан байна.
Тухайлбал Францын аялал жуулчлалын онлайн платформын мэдээлснээр тус улсад агаарын хэт халалт эхэлсэн тавдугаар сараас хойш Данийн нийслэл Копенхаген хотод түрээсийн байр хайсан тоо жилийн өмнөх мөн үеэс 246 хувиар өссөн гэнэ.
Ирландын Дублинд энэ үзүүлэлт 151 хувиар, Норвегийн Ослод 154 хувиар, Финландын Хельсинки хотод 124 хувиар тус тус өсжээ.
“Эдгээр тоонууд жуулчид зун бүр очдог уламлалт газруудаа өөрчлөх болсныг харуулж байна” гэн Coolcation Adventures компанийн төлөөлөгч хэлж байна.
Үүнээс гадна өндөр уулын бүсэд оршдог амралтын газруудын захиалга нэмэгдсэнийг тэр мэдээлжээ.
Гэхдээ энэ нь европчууд бүгд өмнө зүгийн орнуудыг зорихоо больсон гэсэн үг биш, Газар дундын тэнгисийн уламжлалт амралтын бүсүүдийн эрэлт өндөр хэвээр байгааг судлаачид хэлж байна.
Үүнд хямд өртөг, аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил, байгаль орчин, урлаг соёлын үзмэрүүд гол хүчин зүйлс хэвээр байгаа гэнэ.
“Амрахаар явахдаа тооцдог нэг хүчин зүйл агаарын температур болсон нь үнэн. Гэхдээ өөр маш олон хүчин зүйлс бий. Үнэ өртөг, соёл, байгаль орчны хувьд Италийг Данитай харьцуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс дуртай аяллын чиглэлээ тийм амархан сольж чадахгүй” гэж Шведийн аялал жуулчлалын судлаач Стефан Госслинг тайлбарлажээ.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요