Залуухан тамирчдаар хүч сэлбэсэн "The MongolZ" баг эхний тэмцээндээ шөвгийн наймд шалгарав
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын BLAST Bounty Summer 2026 тэмцээний шөвгийн найман багийн нэрс өнгөрсөн шөнө тодорлоо.
Бүс бүсийн шилдэг 32 баг оролцсон тус тэмцээний урьдчилсан шатнаас ОХУ-ын "Team Spirit", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Данийн "Astralis", Францын "3DMAX", Нидерландын "Team Liquid", Бразилын "paiN Gaming", Европын "FaZe Clan" гэсэн найман баг шалгараад байна.
"The MongolZ" багийн хувьд урьдчилсан шатанд Норвегийн "HEROIC" болон АНУ-ын "Wildcard" багийг хожсоноор шөвгийн наймд шалгарсан юм. Тэд энэ тэмцээнд сайн тоглож, дэлхийн чансааны оноогоо ахиулж байж томоохон тэмцээнүүдэд уригдах эрхтэй болно. Одоогоор "The MongolZ" баг дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж байгаа.
Манай улсын баг зуны амралтын хугацаанд бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулж, mzinho буюу Б.Аюушийг "BC Game Esports" баг руу явуулсан. Мөн энэ оны эхэнд багт орж ирсэн cobrazera буюу У.Анарбилэгийг сэлгээнд суулгаж буйгаар зарласан.
Тэдний оронд залуухан тамирчид болох Tikuak буюу Ч.Золбаяр, DarkMeister буюу Д.Ирээдүй нарыг эгнээндээ нэгтгэсэн юм. Энэ хоёр залуу тамирчин 2025 онд "The MongolZ" багийн академиас мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлж, үндсэн бүрэлдэхүүнд дэвшин орж ирж буй юм.
Гэхдээ Tikuak буюу Ч.Золбаяр академи багт дөрвөн сар гаруй хугацаанд тоглоод "Chinggis Warriors" багт нэгдсэн билээ. Тэрбээр "Chinggis Warriors" багтай дунд түвшний олон тэмцээнд оролцсон бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц "eXTREMESLAND 2025" тэмцээнд түрүүлсэн туршлагатай нэгэн.
BLAST Bounty Summer 2026 тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд долоодугаар сарын 26-наас Мальт улсын Attard-д байрлах BLAST Arena студид эхэлнэ. Одоогоор багуудын оноол хараахан гаргаагүй байгаа бөгөөд чансаа дутуу дөрвөн баг өөрсдөөсөө илүү чансаатай багийг амлах байдлаар тоглоно.
Энэ тэмцээнд "The MongolZ" багийн шинэ залуу тамирчид маш сайн үзүүлэлттэй тоглосон. Тодруулбал эхний учраа болох Норвегийн "HEROIC" багийн эсрэг тоглолт дээр DarkMeister 1.15 үзүүлэлттэй тоглож баг дотроо хоёрт бичигдсэн. Харин шөвгийн наймд шалгарахын төлөөх АНУ-ын "Wildcard" багийн эсрэг тоглолт дээр Tikuak 1.33 үзүүлэлттэйгээр шилдэг тоглогчоор шалгарсан юм. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요