Зөвшөөрөлгүй ус ашиглаж, олборлолт хийж байсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн долоодугаар багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-000362 тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий компани элс угаах зориулалтын төхөөрөмж суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчид илрүүлжээ.
Хяналт шалгалтаар тухайн ААН нь ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, прокурорын тогтоолоор уг арга хэмжээг хүчинтэйд тооцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн GPS төхөөрөмжөөр байршлын хэмжилт хийж, ArcGIS программд тулган шалгахад элс угаах төхөөрөмж нь MV-000362 тусгай зөвшөөрлийн талбайн гадна байрлаж байсан нь тогтоогджээ.
Иймд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналын хамт прокурорт хүргүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ус ашиглахтай холбоотой хуульд заасан зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтийг бүрэн бүрдүүлж, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй талбайн хил хязгаарт үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
Зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр үйл ажиллагааг шуурхай зогсоож, холбогдох хариуцлага тооцохыг анхаарууллаа. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요