Одоогоос 74 жилийн өмнө осолдсон Pan Am компанийн нисэх онгоцны сэгийг далайн ёроолоос олжээ

Одоогоос 74 жилийн өмнө Атлантын далайд осолдсон Pan American Airways компанийн нисэх онгоцны сэг олджээ.
Уг ослын дараа нислэгийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах асуудал хурцаар яригдаж, нэлээд шинэчлэлт нэвтэрч байсан юм.
1952 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр уг онгоц хөөрснийхөө дараахан хөдөлгүүр нь эвдэрсний улмаас осолдож байжээ.
Ослын үеэр хурдтай живсэн онгоцонд зорчигч, багийн гишүүд нийлээд 67 хүн бүгд амьд байсан ч аврах хантааз, хөвөгч завь хүрэлцээгүйн улмаас ердөө 17 нь амьд үлдэж байв.
Энэхүү гамшгийн дараа онгоц нисэхийн өмнө зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа, мэдээлэл өгөх журам бүх арилжааны нислэгүүдэд үйлчилдэг болсон юм.
Pan Am компанийн “The Clipper Endeavor” нэртэй онгоцны сэгийг Пуэрто Рико арлын эргээс холгүй тэнгисийн усны 610 метрийн гүнээс радарын системээр тоноглосон дроны тусламжтай илрүүлжээ.
Онгоцны сэгийг илрүүлэх ажиллагааг Air/Sea Heritage Foundation сан удирдаж, Discovery Channel сувгийн Expedition Unknown шоу нэвтрүүлэг зэрэг бусад хэд хэдэн байгууллага хамтран оролцсон байна.
“Өнөөдөр та онгоцонд суух бүрдээ The Clipper Endeavor онгоц болон түүний зорчигчдод 70 гаруй жилийн өмнө тохиолдсон зүйлийн улмаас аюулгүй байдлыг мэдрэх болсон юм” гэж
Expedition Unknown нэвтрүүлгийн хөтлөгч Жош Гэйтс ярьжээ.
Нислэгийн өмнө бүхээгийн ажилтан онгоцны ослын гарц хаана байгаа, аврах хантаазны байрлал, тэдгээрийг хэрхэн ашиглах зааврыг зорчигчдод өгдөг болсон.
Air/Sea Heritage Foundation сангийн ерөнхийлөгч, далайн аялагч, түүхч Расс Мэттьюс анх Флоридагийн эрэгт ачаа тээшний шошго олдсон тухай мэдээг 2019 онд уншсаныхаа дараа олон жилийн өмнөх уг ослын талаар сонирхон судалж эхэлжээ.
Тэрбээр “ийм чухал түүх хүмүүсийн ой санамжаас бараг устаж алга болсонд гайхаж байснаа” ярьсан байна.
Дараа нь Мэттьюс АНУ-ын засаг захиргааны холбогдох байгууллагуудын архивын мэдээллийг шүүж, онгоцны ослын талаар баримт цуглуулж эхэлжээ.
Ингээд тэр эрлийн багаа бүрдүүлж, онгоц унасан байх боломжтой Атлантын далайн ёроолын 34,000 хавтгай дөрвөлжин километр талбайг тогтоосон байна.
Эрлийн ажиллагаа цаг агаарын таагүй байдлын улмаас 2024 онд зогссон ч ослын 75 жилийн ойгоос өмнө зорилгоо биелүүлэхээр дахин эхэлж байжээ.
Дрон эхлээд зургаадугаар сарын 2-ны өдөр хайлтын бүсээс хоёр хэсэгт хуваагдсан онгоцны сэгийг илрүүлсэн байна.
Дараа нь уг онгоц “The Clipper Endeavor” мөн болохыг тогтоохын тулд шумбагч машинаар гэрэл зураг авах ажил эхэлжээ.
Ингээд Pan Am компанийн лого болон онгоцны нэрийг гэрэл зургаар илрүүлсний дараа мөн болохыг тогтоосон байна.
Энэ нээлт нь Малайзын агаарын тээврийн 370 дугаар нислэг зэрэг далайд осолдоод сураггүй болсон онгоцны зорчигчдын ар гэрийнхэнд шинэ найдвар төрүүлж байгаа юм.
269 хүнтэй нисэж байсан уг онгоц 12 жилийн өмнө Энэтхэгийн далайд осолдоод одоо болтол олдоогүй байна.
“The Clipper Endeavor” онгоцны нээлтийн талаар Expedition Unknown нэвтрүүлгийн тусгай дугаар энэ намар цацагдана.
Эх сурвалж: BBC ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요